Төрийн өмчит компанийн эрх зүйн зохицуулалт
Хууль бол нийгмийн харилцааг зохицуулдаг, заавал биелэгдэх шинжтэй эрх зүйн хэмжээ хэмжээ болохын хувьд нийгмийн харилцаанд эерэг болон сөрөг нөлөөлөл зайлшгүй үзүүлдэг.
Энэ удаа би компанийн эрх зүйн зохицуулалт, тэр дундаа төрийн өмчит компанийн эрх зүйн зохицуулалт тухайн харилцаанд ямар нөлөөлөл үзүүлж байна вэ гэдэг дээр анхаарал хандуулж байна.
Төр өмчтэй, мөн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх шаардлагатай юм бол хэрхэн зүй зохистой хэрэгжүүлэх вэ? Ийнхүү хэрэгжүүлэхэд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж ямар хүндрэлийг бий болгож байна вэ? зэрэг асуудлыг хөндөхийг зорьсон болно.
Төрийн өмчит компанийн үр ашиг:
Ард түмэнд халамжийн мөнгө тараах, үнэгүй хувьцаа өгөх, зэрэг нь бизнесийн бус цэвэр улс төрийн шийдвэр. Бизнесийн шийдвэрүүд тодорхой ашигтай төсөлд хөрөнгө оруулж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой байдаг бол улс төр шийдвэрүүд нь дахин сонгогдохын тулд иргэдэд таалагдах зорилготой байдаг.
Тиймээс ч улс төрчдийн тухайд “юу хийх нь чухал биш яаж тайлбарлаж, ойлгуулах нь чухал гэдэг” үг байдаг биз.
Ард иргэдэд нийгмийн халамж үзүүлэх нь, мөн баялгыг тэгш хуваарьлах нь огтхон ч буруу зүйл биш. Гэхдээ энэ нь төрийн аж ахуйн үйл ажиллагаа хэрэгжүүлэх чиг үүрэгт нийцэхгүй Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа тохиолдолд үр ашигтай байх зарчимыг баримтлах шаардлагатай билээ
Та Байгалын баялагаа ашиглаж олсон орлогоо иргэн бүрд зүгээр өгч байснаас энэ мөнгөөр томоохон үйлдвэр байгуулж олон хүнийг ажлын байртай болгосоой гэж бодож үзээгүй гэж үү?
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд ашиггүй ажиллаж байгаа, улс төрийн нөлөөлөл их байгаа талаар олон судлагааны дүнгээс харж болно. Үүний шалтгаан юу байна вэ? Үр ашиггүй тогтолцоонд эрх зүйн зохицуулалт нөлөөлж байна уу? гэдэг асуудлыг тодорхой жишээн дээр дүнэлт хийх замаар тодруулах оролдлого хийж үзье.
Төрийн өмчит аж ахуйн нэгжийн Захирал Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар тухайн аж ахуйн нэгжийг үр ашигтай ажилуулах үүрэг хүлээсэн этгээд юм.
Тэрээр үйлдвэрээ өргөжүүлэхгүй бол ашигтай ажиллаж чадахгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгө худалдан авч ашигтай ажиллуулах саналыг гаргавал уг төслийг хэрэгжүүлэх хууль зүйн боломжийг авч үзье.
Захирал төлөөлөн удирдах зөвлөлд санал гаргаж, Төлөөлөн удирдах зөвлөлд санал оруулах боломжтой.
Төсөлд үл хөдлөх хөрөнгө олж авах, бас нилээд хөрөнгө шаардлагатай учир Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-д “Төрийн өмчит хуулийн этгээд үл хөдлөх хөрөнгийг захиалгын үндсэн дээр зөвхөн Төрийн өмчийн хорооны шийдвэрээр олж авна.” гэж зааснаар Төрийн өмчийн хорооны шийдвэрээр хэрэгжих боломжтой юм.
Энэхүү зүйлээр төрийн өмчийн хороо зөвшөөрсөн шийдвэр гаргах гэтэл “захиалга” байхгүй. Дээрх хуулийн зохицуулалтад захиалгын үндсэн дээр худалдан авах зохицуулалт байх бөгөөд хэн яаж захиалах талаарх зохицуулалт байхгүй. Ямартай ч Төрийн өмчийн хорооноос зөвшөөрсөн шийдвэр гаргасан ч Сангийн яамаар батлуулсан зардлын дээд хязгаар хэтэрнэ. Учир нь тухайн санхүүгийн жил эхлэхээс гурван сарын өмнө хуулийн үүрэг зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай эд хөрөнгийн жагсаалтыг гаргаж өгөхөөр хуульчилсан байдаг. Ийнхүү дээд хязгаараас хэтэрсэн тохиолдолд Засгийн газарт хандаж санал тавих боломж байна. Засгийн газар нь “төрийн өмчит хуулийн этгээдийн өөрт олгогдсон эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах хэмжээ, хязгаарыг хуульд нийцүүлэн тогтоох” эрхийг эдэлдэг.
Засгийн газар зөвшөөрч санхүүжилт хийж зардлыг батлахыг Сангийн яаманд даалгалаа гэж бодоход тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барих гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулах ажил эхэлнэ. Хэдийгээр төрийн өмчит хуулийн этгээдийн яг хажууд байрлах эдийн засгийн хувьд хамгийн ашигтай үл хөдлөх хөрөнгө байгаа ч гэсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу тендер зарлана.
Зөвхөн үл хөдлөх хөрөнгөд бус тухайн үйлдвэрийн тоног төхөөрөмж бусад бүхий л зүйлд энэхүү худалдан авах журам хамааралтай байна. Ингээд нэг төсөл хэрэгжихэд 4 жилийн хугацаа өнгөрч шинэ засгийн газар байгуулагдахад төсөл хэрэгжих эсэх нь эргэлзээтэй болно.
Ийм зохицуулалтаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд үр ашигтай ажиллах нь эргэлзээтэй.
Улс төрийн нөлөө:
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д ” Төрийн өмчийн хороо нь төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын үндсэн бүтцийн байгууллага мөн.” гэж заасан байдаг.
Энэхүү хуулийн заалтаар Төрийн өмчийн хороо нь Засгийн газрын үндсэн бүтцийн байгууллага байна. Төрийн өмчийн хороо нь төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах зөвлөлд төрийг төлөөлж оролцох гишүүнийг томилдог эрхтэй байгууллага. Ийнхүү Засгийн газар Төрийн өмчийн хорооны гишүүдийг, төрийн өмчийн хороо нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн гишүүнийг томилдог тогтолцоо хуулиар зохицуулагджээ.
Засгийн газар өөрчлөгдсөн тохиолдолд Төрийн өмчийн хороо Засгийн газрын үндсэн бүтцийг байгууллага болохын хувьд мөн өөрчлөгдөх магадлал өндөр байгаа юм. Төрийн өмчийн хорооний гишүүд өөрчлөгдсөн тохиолдолд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон этгээдүүд өөрчлөгдөх гэх мэт шууд гинжин холбоогоор өөрчлөгдөх тогтолцоотой байна.
Засгийн газраас шууд хамаарал бүхий гинжин холбоог хуульчилсан учир улс төрийн нөлөө төрийн өмчит болон төрийн өмчит компанийн тухайд байхгүй байх хууль зүйн боломж бүрдээгүй гэж үзэх үндэслэл болж байгаа юм.
Ийнхүү томилж чөлөөлөх эрх Засгийн газарт төвлөрсөн тохиолдолд Засгийн газар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд шууд нөлөөллийг бий болгож байна гэсэн үг юм.
Засгийн газрын үзэмжээр томилогдсон боловсон хүчин нь засгийн газрын нөлөөл дор үйл ажиллагаа явуулах бөгөөд тухайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн ашиг орлого, үр өгөөж нэг их хамааралгүй болно. Мэргэжлийн ур чадвараар бус улс төрийн шийдвэрээр томилогдох томилгоо энэ эрх зүйн зохицуулалтын үндсэн дээр бий болж, ажлын үр дүнгээр бус намын харьяалал харгалзаж ажлаас чөлөөлөх гэх мэтийн нөлөөллийг эрх зүйн зохицуулалт шууд үзүүлж байгаа юм.
Дээрх зохицуулалтууд бол одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн зохицуулалтын зөвхөн нэг жишээ юм.
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд үр ашигтай ажиллахын тулд ур чадвар бүхий тогтвортой боловсон хүчинтэй байх, түргэн шуурхай шийдвэр гаргах, шийдвэр гаргагч ямар нэгэн нөлөөлөлгүй зөвхөн үр ашигруу чиглсэн шийдвэр гаргах боломжтой байх, тодорхой хөрөнгийн ашигтай төсөлд оруулах эрх хэмжээтэй байх, гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээдэг тогтолцоотой байх ёстой.
Тэгтэл өнөөгийн хуулийн зохицуулалтаар төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагууд эрсдэлтэй шийдвэр гаргахгүй, дээшээ асуудал шийдвэрлүүлэхээр хүргүүлж, эцсийн дүндээ аливаа шийдвэр Засгийн газраас гарч улмаар тухайн төрийн өмчит компанийн удирдлага асуудал дамжуулдаг дамжлага төдий этгээд болж байна.
Компанийн тухай хуулиар бол дүрэм нь тухайн компанийн үндсэн баримт бичиг болдог. Хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдөх зөвлөлийн бүрэн эрх, мөн Гүйцэтгэх захирлын эрх үүрэг, зэргийг компанийн дүрмээр нарийвчилан зохицуулах боломжтой.
Төрийн өмчит компанийн хувьд тухайн компанийн дүрмээр зохицуулах боломжтой асуудлыг хуульчилан зохицуулсан, тэрхүү зохицуулалтаар компанийн үйл ажиллагаанд тухайн компанид огт хамааралгүй төрийн байгууллагуудын оролцоог бий болгосон зэрэг нь компанийн засаглалыг ойлгомжгүй төвөгтэй болгож байна. Жишээ нь Сангийн яам болон чиглэлийн яамны оролцоог хуульчилсан нь төрийн өмчит компанийн үйл ажиллагаанд оролцогч төрийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж улс төрийн төрийн нөлөөллийг тухайн компанийн засаглалд бий болгох бас нэг хүчин зүйл болж байна.
Ийнхүү хуульчилсан тул Төрийн өмчит компанийн дүрмийг батлахад хуулиар зохицуулснаас өөрөөр батлах боломжгүй болж компанийн дүрэм гэдэг баримт бичгийн үндсэн агуулга алдагдаж байна. Төрийн өмчит компанийн дүрэм нь билэгдлийн шинжтэй амьгүй баримт бичиг болж байгаа нэг үндсэн шалтгаан нь ийнхүү компанийн дүрмээр зохицуулагдах асуудлуудыг шууд хуульчилан зохицуулж байгаа явдал болно.
Төр хувьцаа эзэмшигч болохын хувь Компанийн дүрмийг батлах үндсэн эрхийг эдлэх бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлж дүрэм батлан уг дүрмээр компанийн үйл ажиллагааг зохицуулах хууль зүйн боломж байхад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Хүний хөгжил сангийн тухай хууль, гэх мэт хуулиар тухайн компанийн үйл ажиллагаанд хамаарах асуудлыг зохицуулж байгаа нь компанийн үйл ажиллагааг зохицуулдаг Компанийн тухай хуулийн зохицуулалтыг төрийн өмчит компанийн хувьд хэрэгжүүлэх боломжгүй болгож байгаа юм.
Төрийн өмчит компани бол Хувьцаа эзэмшигч нь төр л болохоос хувийн өмчит компанитай ялгаагүй. Ажиллах зарчим, зорилго ижилхэн. Иймээс Төр Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлээд бусад нөхцөл байдлыг компанийн тухай хуулиар зохицуулаад явах нь эрх зүйн зохицуулалтын хувьд ойлгомжтой болмоор санагдана.
Нэг асуудал шийдвэрлэхэд оролцдог олон төрийн байгууллагын оролцоог багасгахгүй бол эргээд авилга хээл хахууль, хүнд суртал, үр ашиггүй байдал нь байсаар байх бөгөөд удирдлагын идэвхгүй байдлыг бүтээлч хандлага руу чиглүүлэхийн тулд хувийн өмчит компанийн тогтолцоог бий болгох шаардлагатай юм.
Гол нь хувийн өмчит компанийн тогтолцоог хэлбэрийн төдий бий болгох бус үндсэн үр ашиг дээр суурилсан зарчмыг бий болгох хэрэгтэй.