Мэдээ » Санал болгосон хоёр хуулийн төслийг нэгтгэнэ
нийтлэгдсэн: 2010-04-29 09:55:52
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Болд, П.Алтангэрэл, Р.Амаржаргал нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 12 бүлэг, 515 заалт бүхий 59 зүйлтэй. Үзэл баримтлалын хувьд сонгуулийг томсгосон тойргоор, тойрогт ногдох мандатыг хувь тэнцүүлэн хуваарилах аргыг хэрэглэн зохион байгуулахтай нийцүүлэн ээлжит сонгуулийг УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнөх 120 хоногийн дотор, сонгуулийн өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнө товлон зарлахаар тусгажээ.
Тойргийг байгуулахдаа тойргуудад хамрагдах хүн амын тоо адил тэнцүү байх зарчмыг баримтална. Ингэхдээ нийт хүн амыг мандатын тоонд хуваан тойрог байгуулах улсын дунджийг гаргаж, хөдөөд хэд, хэдэн аймгийг нэгтгэн, сонгуулийн нэг тойрог болгох, нийслэлд 2-3 дүүргийг нэгтгэн нэг тойрог байхаар зохион байгуулахаар төлөвлөсөн аж.
Хэрэв аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймгийн сум, нийслэлийн дүүргийн хороодтой түр нэгтгэн зохицуулж, нэг тойрог болгож зохицуулалт хийх бололцоо нээлттэй.
Мөн УИХ-ын ээлжит сонгууль явуулах өдрийг сонгуулийн жилийн зургадугаар сарын эхний хагасын аль нэг ням гариг байхаар тусгаад буй. Түүнчлэн сонгогчдын саналаа өгөх таатай боломжийг бүрдүүлэх зорилгоор хэсгийн хороодын ачааллыг тэнцүү байршуулах үүднээс нэг хэсэгт хамрагдах сонгогчдын тоог суманд 100-1000, аймгийн төвд 2000-3000, нийслэлийн дүүргүүдэд 2000-4000 хүртэл байхаар заасан.
Сонгогч нь саналын хуудсанд бичигдсэн өөрийн сонгохыг хүссэн нэг нам, эвслийн нэрийн өмнөх дугаарыг, мөн нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас өөрийнхөө дэмжиж байгаа зөвхөн нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг, эсвэл бие даан нэр дэвшигчийн өмнөх дугаарыг дугуйлахаар заасан юм.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын нэр бүхий гишүүд хуулийн төсөлд авууштай олон чухал санаа байгааг онцолсон. Гэхдээ бас УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Д.Лүндээжанцан нарын боловсруулсан Сонгуулийн тухай хуульд ч чухал санаанууд бий. Тиймээс энэхүү хоёр хуулийн төслийг хоёуланг нь дэмжиж, хэлэлцүүлгийн шатанд бүлгүүдээс байгуулагдсан ажлын хэсэг хоёр хуулийн төсөл дээрээ ажиллаж, аль алинд нь байгаа дэвшилтэд заалтуудыг авч, сонгуулийн сонгодог пропорцианаль тогтолцоонд шилжих ёстой” гэсэн байр суурьтай байлаа. Харин УИХ-ын гишүүн Д.Энхбат УИХ дахь намын бүлгүүд Сонгуулийн хоёр хуулийн төслийн алийг нь дэмжиж байгаа талаараа байр сууриа илэрхийлэх ёстой гэв. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Манай бүлгийн гишүүдийн хувьд сонгуулийн хоёр хуулийн төсөлд аль алинд нь давуу талууд байна гэж үзэж, дэмжсэн. Хоёр хувилбарыг харьцуулж, нэг болгох ажлын хэсэг байгуулагдсан байгаа” гэв. УИХ дахь МАХН-ын бүлгийн дэд дарга Д.Дондог “Манай намын бүлэг ч хоёр төслийг хоёуланг нь дэмжиж байгаа” гэсэн юм.
Эцэст нь УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Сонгуулийн хуулийг яагаад шинэчлэн найруулах шаардлага гарав гэдгийг маш няхуур бодолцох ёстой гээд байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр Сонгуулийн түүхийг харах юм бол 1992, 1996 онуудад МАХН болон Ардчилсан нам уйлах ч багадмаар ялагдал хүлээж байсан. 2000 он мөн л адилхан. Гэхдээ сонгуульд ялалт байгуулсан хийгээд ялагдсан хоёр аль аль нь сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч ирсэн. 2000 оноос байдал эвгүй болсон. Улмаар 2008 оны сонгуулийн үр дүнд юу боллоо. Ирэх 2012 оны сонгуулийг аль болох булхай луйваргүй, маргаангүй явуулах юмсан гэсэн зорилго дор бид Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Байгалийн баялгийн үнэлэмж өсөх тусам улстөрийг тогтворгүй байдал руу чангаана. Энэ утгаар нь бид томсгосон тойргийг сонгож авсан юм шүү” гэж саналаа хэлснээр энэ удаагийн хуралдаан өндөрлөв.
Сэтгэгдэл (1) байна
HUMAN
2010-04-29 09:59:45

Hi
Сэтгэгдэл бичих
Таны нэр

Сэтгэгдэл


Доорх кодыг оруулна.